Хувцаслах соёл

Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ.

Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно.

Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой “хувцаслах хууль”-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ.

Бид, хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал “аятайхан, нүдэнд дулаахан” гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг.

Хэрэв поп-од дуучин асар том теле шоунд өвдөг нь уранхай жинс өмсчихөөд дуулж байх нь ерийн зүйл байдаг бол дарга нь ажилтнаа ийм байдалтай ажилдаа ирвэл тааламжтай хүлээн авахгүй нь лав. Иймээс “Юу өмсөх вэ?” гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох ёстой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал, зан заншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Тухайлбал: театрт очихдоо хүмүүс жирийн байдлаас илүү гоёж, үдэш оройн буюу гоёлын хувцас өмсөх ёстой гэж ойлгодог.



Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, өндөр мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй.

Гадаадын улс орнуудын компаниуд нь өөрсдийн ажилчдын хувцаслалт маш ихээр анхаарал хандуулан бүр хувцас солих, хадгалах өрөө зэргээр хангадаг байна. Учир нь бүх ажилчдын хувцаслалт уг компаны нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх, төмөр зам болон үйлчилгээний зарим компаниуд ажилтнуудынхаа хувцасны загвараар өрсөлддөг бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон, орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас захиалан хийлгэдэг байна. Бизнесийн байгууллагууд нь ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг маркетингийн бодлогын нэг хэсэг, байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж маш өндөр шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл ажил албан дээрээ байгаа цагт хувцас бол хувь хүнийх биш харин компани, салбар, хэлтсийнх байдаг.

Мэдээллийн эх сурвалж: http://fashion1104.blog.gogo.mn